Monday, March 25, 2013

"Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвсэл"-ээс мэдээлэл хүлээн авлаа

БаянЗүрх дүүргийн шүүхээс БНХАУ-ын “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК нь байгаль орчныг сүйтгэснийг тогтоож, 1.3 тэрбум төгрөгийг Матад сумын төсөвт олгохыг даалгасан шийдвэрийг  гаргажээ.
“Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвсэл” ТББ-ын нэхэмжлэлтэй, хариуцагч
“Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-д холбогдох иргэний хэргийг БЗД-ийн шүүх 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр 2012 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 14:00 цагт хянан хэлэлцэж, 18:00, 22:00  цагуудад тус тус завсарлан шөнийн 00 цагт шийдвэрээ гаргалаа.
Тус шүүхийн шийдвэрээр “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК нь Дорнод аймгийн Матад сумын Буян-Өндөр багийн нутагт газрын тосны үйл ажиллагаа явуулахдаа байгаль хамгаалах, нөхөн сэргээх үүргээ бүрэн биелүүлээгүйг тогтоож, байгаль орчинд учруулсан 1,3 тэрбум төгрөгийг гаргуулж Матад сумын төсөвт олгохыг даалгасан.
Тус дуулиант хэргийн түүх нь 2010 оноос эхлэлтэй юм. Анх “Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвсэл” /МБХИХЭ/, “Буйр нуур, Халх гол, Нөмрөгийн сав газрыг хамгаалах хөдөлгөөн” /БНХГНСГХХ/ хамтран Нээлттэй нийгэм форумын санхүүжилтээр Дорнод аймгийн Матад сумын Буян-Өндөр багийн нэр бүхий 5 иргэний нэхэмжлэлтэй тус компанид холбогдох иргэний хэрэгт стратегийн өмгөөлөл явуулж эхэлсэн. Энэ хэрэгт МБХИХЭ, БНХГНСГХХ нь нэхэмжлэгч биш зөвхөн нэхэмжлэгч нарын байр суурийг дэмжиж, хууль зүйн туслалцаа үзүүлэн, зөвлөгөө өгч ажилласан байдаг. Гэвч 5 иргэн нэхэмжлэлээсээ татгалзсанаар БЗД-ийн шүүх 2011 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хэрэгсэхгүй болгосон.
Тус компанийн хууль бус үйл ажиллагааны улмаас Дэлхийд ганц хялганат хээрийн экосистемд үнэлж баршгүй хохирол учирч, нутгийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх ноцтойгоор зөрчигдөж, төр засаг, мэргэжлийн хяналтын байгууллага, салбарын агентлаг болох Газрын тосны газар, орон нутгийн удирдлага, төрөөс ард хүртэлх хэний ч шаардлага, хорио цээрийг үл тоомсорлон, хуулийг уландаа гишгэж үйл ажиллагаагаа явуулсаар байгааг бид хүлээн зөвшөөрөөгүй юм.
Тиймээс 2011 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-тай холбогдуулан “Байгаль хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагааг хангалтгүй явуулсан гэдгийг тогтоох, байгаль хамгаалах төлөвлөгөөний дагуу байгаль хамгаалах ажиллагаа явуулах, байгаль орчныг нөхөн сэргээх ажлыг гүйцэтгэхийг даалгах, Дорнод аймгийн Матад сумын байгаль орчинд учирсан хохирол болох 1,356,622,460 төгрөгийг Петро Чайна Дачин Тамсаг /Монгол/ ХХК-иас гаргуулан Матад сумын төсөвт оруулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан билээ.
Энэ хэргийн шүүх хурал 3 удаа хойшлогдож байсан ба 2012.04.17-ны өдөр 4 дэх удаагаа хуралдсанаар шүүх бүрэлдэхүүн оролцогч нарын мэтгэлцэх эрхийг бүрэн хангаж, халуун мэтгэлцээний дунд өрнөж, нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж, үнэнд нийцсэн шударга шийдвэр гаргасан.
“Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-тай холбоотой энэ хэрэг нь анх удаа томоохон компаниас  1 356 622 460 төгрөгийг гаргуулж орон нутгийн дансанд оруулах, байгаль хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагаа хангалтгүй явагдсан гэдгийг тогтоож чадсанаараа Монголд анх удаа стратегийн өмгөөллийн тод томруун түүхэн жишиг болж үлдлээ. ТББ-ууд хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээг цаашид нэхэмжилж болдгийг харууллаа.
Энэ бол Монголын байгалийн баялгийг хямд үнээр авах гэсэн гадны компанийн санаархлаар хайр гамгүй сүйтгэж, бурхангүй газарт бумба галзуурна гэгчээр биднийг үл тоомсорлосон үйлдлийг байгальд ээлтэй, эрх ашиг сонирхол нь хохирч, хууль бус үйлдлийн золиос болж, ирээдүйн үр хүүхдийн төлөө санаа зовнисон олон олон хүмүүсийн 3 жилийн уйгагүй хөдөлмөр, тууштай зүтгэл, эх оронч сэтгэл, үзэл хандлагын үр дүн юм гэж үзэж болно.
Энэхүү зөвийг олсон, шударга шийдвэр гарахад нөлөөлсөн, хувь нэмрээ оруулсан Нээлттэй Нийгэм форум, ТВ-9 телевизийн сэтгүүлч Б.Отгон, Өнөөдөр сонины сэтгүүлч Д.Оюун-Эрдэнэ, Дорнод аймгийн Буйр нуур, Халх гол, Нөмрөгийн сав газрыг хамгаалах хөдөлгөөний тэргүүн Д.Ганцогт, хуульч, өмгөөлөгч Т.Мэндсайхан, Д.Чулуунцэцэг, өмнөх 5 иргэний нэхэмжлэлтэй хэрэгт өмгөөлөгчөөр ажиллаж байсан хуульч, өмгөөлөгч Б.Отгонбаатар, Э.Удвал, “Ариун суварга” хөдөлгөөний тэргүүн Г.Чагнаадорж, Матад сумын ИТХ-ын дарга Д.Энхмаа, Матад сумын байгаль хамгаалагч Ш.Өлзийдүүрэн, Дорнод аймгийн ИТХ, хамтарч ажилласан хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчид болон бусад туслан дэмжсэн бүх хүмүүст гүн талархал илэрхийлж байна.

Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвсэл
2012 оны 4 дүгээр сар 18

No comments: