Thursday, May 7, 2020

БАРАА ЭРГЭЛТ, ЭКСПОРТ, ИМПОРТ, ТЭНЦЭЛ, ХАНДЛАГА (1921-2019; 2020.II)


ISBN 978-99978-2-580-3 "Эдийн засаг" сэтгүүл 2020 №1 (067), хуудас 13-19.
А.Чулуунбат, Аж үйлдвэрийн инженер-эдийн засагч, магистр.

НИЙТ БАРАА ЭРГЭЛТ, ЭКСПОРТ, ИМПОРТ, ТЭНЦЭЛ, ЧИГ ХАНДЛАГА (1921-2019; 2020.II)


Тооцооны аргачлал:
Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хорооны гадаад худалдааны барааны статистикийн мэдээллийн систем, нэгдсэн сангийн цахим мэдээг татан авч ашиглав. Хоёр, эсвэл тав хүртэл оны хоорондох жилийн дундаж өөрчлөлт (өсөлт, бууралт)-ийн хурдыг Олон улсын худалдааны төв-International Trade Centre UNCTAD/WTO (ITC), цаашид ОУХТөв-ITC гэнэ) тооцоолдог ажээ. Жил, улирал, сарын (t хугацааны) манай гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ (БЭt=Эt+Иt)-г нийт экспорт (Эt), нийт импорт (Иt)-ын нийлбэрээр тодорхойлдог. Нийт экспортоос нийт импортыг хассан зөрүү буюу гадаад худалдааны тэнцэл (цаашид тэнцэл гэнэ) нь ±Тt=Эt-Иt болно.

Нийт бараа эргэлтийн өгөгдсөн (БЭt) болон онолын утга:
Манай гадаад худалдааны нийт бараа эргэлтийн өгөгдсөн (бодит) утга БЭt нь 1924 онд 2.5 сая байсан бол 2019 онд 13,747.2 сая америк долларт хүрчээ.
Тооцоолоход БЭt=2.7737e^0.0879t гэсэн экспонециал тэгшитгэлийн хэлбэртэй, дитерминацын коэффициент нь R²=R^2=0.9202 болов. Иймд дээрх регрессийн загварыг судалгаанд хэрэглэх онолын үндэслэлтэй юм. Үүний шугаман тэгшитгэлийн хэлбэр нь ln(БЭt)=[0.0879t+ln(2.7737)±∆. Эндээс ln(2.7737)≈1.0202 болно. Үүнд ln-натурал логарифмын тэмдэглээ, ±∆ нь алдаа хазайлт, түүнчлэн хугацааг t=1, 2, ..., 96 дугаар жил, өөрөөр хэлбэл 1=1924 он, 2=1925 он, ...гэх мэт, 96=2019 он гэж үзнэ. Дээрх тэгшитгэлийг авч үзье.
Онолын (тооцооны) утгууд нь 1924 оныг t=1 гэвэл БЭ1=0.0879*1+1.0202=1.1081, эндээс EXP(1.0801)=3,0 сая, гэх мэт 2019 онд буюу t=96-р жилд БЭ96=0.0879*96+1.0202=9.4586, эндээс EXP(9.4586)=12,817.92 сая америк доллар болов. Дээр дурдсан өгөгдсөн (бодит) утга нь онолын (тооцооны) утгааcаа хазайх алдаа (±∆) нь 1924 онд 2.5-3.0=-0.5, мөн 2019 онд 13,747.2-12,817.92=929.28 байв.

Түүнчлэн 2015-аас 2019 (t=1-ээс t=5) он тус бүрийн импортын онолын утгыг тооцоольё (Зураг 5). Жишээ нь R^2=0.818 байхад, ln(It)=0.1516*t+7.9722 үүнд t=5 гэж орлуулбал 0.1516*5+7.9722=8.7302. Эндээс 2019 онд импортын онолын утга нь EXP(8.7302)=6186.96 сая америк доллартой тэнцэв. Онолын утга (6186.96) ба өгөгдсөн бодит хэмжээ (6127.4) хоорондын зөрүү буюу алдаа (±∆) нь 59.56 болно.

Монгол Улсын нийт экспорт, импорт, тэнцэл:


Огцом бууралт
· Өмнөх онтой нь харьцуулахад 1928 онд импорт -74.4%-иар, экспорт -63.3%-иар, түүнчлэн 1936 онд импорт 72.2%-иар, экспорт 60.9%-иар тус тус хэт огцом унажээ.
· Өмнөх онтой харьцуулахад 1991 онд экспорт -47.3%, импорт -60.9%-иар, тэрчлэн 2009 онд экспорт -25.6%, импорт -34.1%-иар тус тус багассан.
· 2015 онд өмнөх оныхоос экспорт -19.1%, импорт -27.5%-иар доошоо уруудсан ажээ.

Хэт огцом өсөлт ажиглагдсан он (Зураг 1.3)
· Өмнөх оныхоос 1961 онд импорт 362.0%-иар, экспорт 528.4%-иар хэт огцом нэмэгджээ.
· 2010 онд өмнөх оныхоос экспорт 54.3%, импорт 49.7%-иар дээшлэв.
· Өмнөх онтой харьцуулахад 2005 онд экспорт 47.3%, импорт 60.9%-иар өссөн.
· Өмнөх оныхоос 2004 онд экспорт 41.2%, импорт 27.4%-иар нэмэгдсэн.

Манай нийт экспорт, нийт импортын жилийн дундаж өөрчлөлт:
· Экспортын жилийн дундаж өсөлт нь сүүлийн арван жилд буюу 2010-2019 оны хооронд (Annual growth in value between 2010-2019) 8.35%-д хүрчээ.
· 2010-2019 оны хооронд импорт жилд дунджаар 0.36%-иар нэмэгджээ (Зураг 4).
· 2004-2008 оны хооронд жилд дунджаар экспорт 31.6%, импорт 33.3%-иар өсчээ.
· Сүүлийн таван жилд буюу 2015-2019 оны хооронд экспортын жилийн дундаж өсөлт нь 14.3%-д, импортын жилийн дундаж өсөлт нь 16.37%-д хүрлээ (Зураг 5).

Экспортын болон импортын үнийн индекс:
Суурь 2018 оны үнийн дүнг 100 (Reference period 2018 (base 100) on the values in US Dollar) гэе.
Суурь 2018 оны 100 гэсэн түвшнээс экспортын үнийн индекс 2012-2017 онд доогуур, импортын үнийн индекс 2012-2013 онд дээгүүр, 2014-2017 онд доогуур байлаа. Жишээ нь суурь 2018 оны нийт экспорт 7011.8 сая, нийт импорт 6127.4 сая америк доллар байв. Иймд 2017 онд экспортын үнийн индекс (Index on exported values in 2017) нь 88 ажээ (Хүснэгт 1).
 Гадаад худалдааны тэнцэл:

· Нийт импортоос давсан нийт экспортын хэмжээ нь 1924-1930 онуудад 1.4-ээс 8.0 сая хүртэл америк долларт хүрснээр тэнцэл нь эерэг (ашигтай) гарчээ.
· 1931-1934 оны хооронд нийт импорт жилд дунджаар 24.6%-иар өссөнөөр тэнцлийн доод, дээд алдагдал нь -3.4-өөс -16.3 сая америк доллартой тэнцжээ.
· 1935-1940 онд тэнцэл сөрөг гарчээ (Зураг 1А).

· Экспорт 1941-1950 онуудад 4.3-аас 7.8 хүртэл сая америк доллар болж тэнцэл нь эерэг гарчээ (Зураг 1.А; 1.Б).
· 1961 онд нийт экспорт (75.3 сая) нь нийт импорт (137.0 сая)-оос -61.7 сая америк доллароор доогуур байсан буюу тэнцэл сөрөг гарсан (Зураг 2).
· Тухайн оны нийт экспортоос нийт импортын хэмжээг хасаж тооцсон зөрүүгийн доод, дээд хэмжээ нь 2000-2005 онд -78.7-оос -185.1 хүртэл, 2007-2013 онд -114.3-аас -2353.7 сая хүртэл, 2020 оны эхний нэг сард -14.3 сая америк доллароор тус тус сөрөг утгатай гарсан, өөрөөр хэлбэл нийт импорт давамгайлсан учраас алдагдалтай ажээ.
· Зөвхөн нийт экспорт давамгайлсан 2006 онд тэнцэл +107.0 сая, 2014-2019 онд +539.2-оос +1863.3 хүртэл сая америк долларын ашигтай гарчээ (Зураг 4.,6).

Манай улс 2019 онд дэлхийн 78 улсад бараагаа экспортолж, 153 улсаас гарал үүсэлтэй барааг импортолжээ [1]. Монгол Улс 2019 онд дэлхийн 152 улстай худалдаа [2] хийжээ (Хүснэгт 2).

2014-ээс 2019 оны нийт бараа эргэлтийн хэмжээнд экспортын эзлэх хувь хэмжээ нэмэгдсэнээр манай гадаад худалдааны тэнцэл тухайн 6 жил дараалан эерэг (ашигтай) гарав.
Энэ нь валютын янагш орж ирэх урсгалыг ихэсгэхэд бас нэг сайн нөлөө үзүүлжээ.
“2019 онд нийт импортын 80.5 хувийг БНХАУ (33.6%), ОХУ (28.2%), Япон Улс (9.6%), АНУ (4.7%), БНСУ (4.4%) бүрдүүлжээ. “2019 онд БНХАУ-тай 8.9 тэрбум америк долларын худалдааг хийсэн нь манай гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 64.4 хувийг, нийт экспортын 89.1 хувийг эзэлжээ. БНХАУ руу гаргасан барааны 44.4%-ийг чулуун нүүрс, 26.4%-ийг зэсийн баяжмал эзэлж байгаа бол Их Британи, Сингапур, Швейцар Улс руу гаргасан барааны 77.5%, 76.7%, 98.8%-ийг алтны экспорт эзэлж байна” [2] гэжээ.
БНХАУ 2019 онд дэлхийн улс орнуудаас төмрийн хүдэр 1.069 тэрбум (billion) тонныг импортолсон [10] бөгөөд үүний дотор 0.008449 тэрбум тонныг буюу 0.79%-ийг [1] нь манайхаас хүлээн авчээ.

Улс орнуудын (дэлхийн) нийт экспорт, нийт импортын захад манай эзлэх хувь хэмжээ
· 2012-2018 оны хооронд дэлхийн тухайн захад Монгол Улсын нийт экспортын эзлэх хэмжээний доод түвшин 0.0238%, дээд түвшин 0.03636% хүртэл хэлбэлзэв.
· 2018 онд дэлхийн нийт импортод эзлэх (Share in value in world's imports, % in 2018) манай нийт импорт 0.03 орчим хувьд хүрэв (Зураг 3).
· Эх үүсвэр [3], [1]-ийг ашиглах замаар, Монгол Улсын нийт импортыг БНХАУ-ын нийт импортод харьцуулбал манай эзлэх хувь нь 2010 онд 0.229%, 2012 онд 0.371%, 2016 онд 0.21%, 2019 онд {(6,127.4 сая $ / 2,068,950.3 сая $)*100}=0.296%-д тус тус хүрчээ.

“COVID-19 буюу КоронаВирус”-т халдвараас урьдчилан сэргийлж буй хугацаанд:
Ø Манай гадаад худалдааны тэнцэл (баланс) 2020 оны нэгдүгээр сард 14.3 сая америк долларын алдагдалтай байсан бол 2020 оны эхний 2 сард 20.7 сая америк долларын ашигтай гарсан боловч, энэ нь өмнөх оны эхний 2 сарынхаас 91.9%-иар хэт буурсан ажээ.
Ø Жич: Монгол банк оны эхнээс 2020.03.11-ний өдрийн байдлаар дотоодынхоо захаас 3.2 тонн алт, 1.7 тонн цагаан мөнгө худалдан авчээ. Энэ нь өмнөх оны мөн үед 1.2 тонн үнэт металл (алт, цагаан мөнгө) худалдан авсантай харьцуулбал 3.7 тонноор өссөн ажээ. Монгол банкны дотоодын захаас худалдан авах 1 грамм алтны дундаж үнэ 2020 оны 2 дугаар сард дунджаар 140,292.94 төгрөг гэжээ. 2020.03.11-нд нэг трой унц (31.1034768 грамм) алтны үнэ огцом өсч 1635 америк долларт [9] хүрсэн энэ өдөр “Монгол банкны зарласан үнээр 1 грамм алт 147,096.92 төгрөгтэй тэнцсэн” ажээ [8]. 2020.02.16-нд тухайн эгшинд нэг трой унц алтны үнэ 1490.8 америк доллартой тэнцэв [9]. Нью-Йоркийн бараа түүхий эдийн бирж дээр 2020.03.16-нд 22 цагийн үед нэг баррель газрын түүхий тосны 4 дүгээр сарын фьючерс үнэ 29.48 америк долларт хүрч буурч, дээшээ доошоо хэлбэлзэж байв [9].
Ø 2020 оны эхний хоёр сард өнгөрсөн оны мөн үеэс экспорт 29.5%-иар доошилж 770.7 сая, түүнчлэн импорт 10.4%-иар буурч 750.0 сая америк долларт тус тус хүрчээ (Зураг 7).
Ø Өмнөх оны эхний 2 сарынхаас манай экспортын алт 115.6 сая, зэсийн баяжмал 90.0 сая, нүүрс 104.8 сая америк доллароор тус тус багасжээ.
Хавсралт (Зураг 1А,1Б, 1.2, 1.3, Зураг 2, 3, 4, 5, 6, 7):



Тухайн хугацаан дахь зарим мэдээлэл ба бодол санал:

o 2019 оны мэдээнээс түүвэрлэж үзвэл, манай улс нь БНХАУ-тай 4735.9 сая, бусад 14 улстай 156.7 сая америк долларын ашигтай худалдаа хийжээ. Гэвч манай улс ОХУ-тай 1661.8 сая, бусад 136 улстай -1738.4 сая америк долларын алдагдалтай худалдааг тус тус хийсэнд анхаарлаа төвлөрүүлж, судалгаа дүгнэлт зөвлөмж гаргаж, гадаад худалдааны тэнцлийн алдагдлыг тухайн улс бүрээр багасгах, тэнцэлжүүлэх.

o Хоёр талын гадаад худалдаа-ажил үйлчилгээг тэнцвэржүүлэх, харилцан ашигтай гэрээ хэлэлцээр байгуулах.

o Экспортын барааны нэр төрөл, биет хэмжээ, хэрэглэгчдийн тоог нэмэгдүүлэх, худалдааны нөхцөлийг сайжруулах.

o Элчин сайдын яамны дэргэд “Монголын экспортын бараа-ажил үйлчилгээний сурталчилгаа, цахим лавлагаа, мэдээллийн нээлттэй төв, хэсэг”-ийг бий болгох, энэ талаар хувь нэмрээ оруулсан байгууллага, аж ахуйн нэгж, хүн бүрийг урмаар тэтгэж алдаршуулъя.

o Гадаадад суугаа Элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг болон Шинжлэх ухааны академи, Эрдэм шинжилгээ-судалгаа-зохион бүтээлт-туршилтын байгууллагууд, Их дээд, Тусгай мэргэжлийн сургууль, Лабораториуд, Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвүүд, Яам, Агентлагийн (байгууллагуудын) удирдах ажилтан, эрдэмтэд, инженерүүд, технологичид, мэргэжилтнүүд, эдийн засагч, хуульч, судлаач нарынхаа болон дотоодын Үйлдвэрлэл, Худалдаа эрхлэгчдийнхээ хурдтай хэрэгжүүлсэн ажил, бүтээл, шинэ санааны эх үүсгүүрүүдийг зөв үнэлж дүгнэж урамшуулж хөгжүүлэх.

o Засгийн газар, яамд, холбогдох бүх байгууллага, мэргэжлийн холбоод, төр, хувийн хэвшлийн салбарын уялдуулсан нэгдсэн бодлого-зохицуулалт-судалгааг мөчирлөсөн зорилго, зорилтууд, төлөвлөгөө, төслүүдийн хамт дараах чиглэлээр хэрэгжүүлж болох юм. Үүнд:
Ø Техник-эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ), судалгаа, төсөл, оновчтой байршил, төлөвлөгөө, арга хэмжээний дэс дарааллын дагуу урт, дунд, богино хугацаанд дунд, том үйлдвэрүүдийг, Шинжлэх ухаан-Технологи-Үйлдвэрүүдийн цогцолборыг (паркийг) бодлогоор үе шаттай бүтээн байгуулж, уялдаа холбоо бүхий мөчирлөсөн дагалдах жижиг үйлдвэр, өрхийн ажлын байруудын хамт дагнаж, төрөлжүүлж хөгжүүлэх,

Ø “Гэрээсээ, алсын зайнаас хийдэг ажлын байруудыг” үндэслүүлж, мөчирлөн хөгжүүлэх,

Ø “Хиймэл оюун ухаан, ухаалаг төхөөрөмжийг зохион бүтээгчид”, эрэлттэй нарийн мэргэжлийн ажилчид, инженерүүд, технологичид, программ зохиогч, судлаач, лаборантуудыг сургаж үр бүтээлтэй ажиллуулах.
o Манай улс 2019 онд 1328.4 мянган америк долларын 225.9 тонн цөцгийн тос, 13302.1 мянган америк долларын 4276.2 тонн хуурай сүү, 10773.7 мянган америк долларын 160872.8 мянган ширхэг шувууны өндөг, 2752.5 мянган америк долларын 14428.5 тонн улаанбуудай, 5923 мянган америк долларын 2050.3 тонн гахайн мах, түүнчлэн 10275.6 мянган америк доллароор 385.0 тонн төмс, 550.3 тонн улаан лооль, 550.3 тонн сонгино саримс, 29438.1 тонн байцай, 8343.2 тонн лууван, манжин, бусад үрт ногоо, 483.6 тонн өргөст хэмхийг гадаад орнуудаас худалдан авч хилээр оруулжээ. Энэ мэт эрэлт хэрэгцээг импортоор бус дотоодоос өөрсдөө хангахуйц технологи аргатай, чадавх нөөц бололцоотой. Үүнийг судлан сурталчилж зөв бодлогоор зохицуулах, дотоодын бэлтгэн нийлүүлэгч-үйлдвэрлэгчдийгээ хамгаалж дэмжих, хүнсний хангамжийн судалгаа, хөтөлбөр, ТЭЗҮ, төслүүд боловсруулж хэрэгжүүлэх замаар хувийн хэвшлийн нэгж, өрхийн аж ахуй эрхлэгч малчид, ногоочид, тариаланчдынхаа орлогыг эрс нэмэгдүүлж болно.

o 2019 онд 488,723.7 мянган америк долларын үндсэн төмөрлөг, түүний бүтээгдэхүүнийг; түүнчлэн өөрсдөө хийх ёстой 643.7 тонн тээрмийн бөмбөлгийг импортоор худалдан авжээ. 2010-аас 2019 онуудад өссөн дүнгээр 61,361,919.7 тонн төмрийн хүдрийг олзворлоод түүхийгээр нь экспортод гаргасан! Цаашид шавхагдаж дуусдаг төмрийн хүдрийн биет юүгээн хайлуулж, боловсруулаад багаж хэрэгслийн чанаржуулсан ган, арматур, бэлдэц, зэвэрдэггүй маш нимгэн төмөр, деталь эд анги, модуль төхөөрөмж үйлдвэрлэж дотоодын эрэлтээ хангахад, улмаар экспортлоход чиглэгдсэн төсөл, асуудал нь хойш тавигдаж, үгүйлэгдэж хугацаа алдсаар ирснийг хамтын хүчээр системтэй хурдан судалж, үр дүнтэй иж бүрэн арга хэмжээ авах шаардлагатай.

o Өнгөт төмөрлөгийн үйлдвэр байгуулж хөгжүүлэх, экспортын захад их эрэлт, хэрэгцээ байна.

o Гадаад орнуудаас оруулсан бараанд ноогдуулдаг импортын гаалийн татварын хувь хэмжээг ялгаатай тогтоох, зөв зохистой нэмэх замаар дотоодын үйлдвэр-бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүнийхээ дотоод, гадаадын захад эзлэх хувь хэмжээ-байр суурийг нь, борлуулалтыг нь эрс дээшлүүлж, “бараа-түүхий эдийн зах”-ын багтаамж, сегментчилэл /хэсэглэл/-ийн шинжилгээ судалгаа хийж, ажил үйлчилгээ, бүтээгдэхүүн юүгээн хөгжүүлж байх.

o Импорт орлохуйц шинэ материал, ухаалаг төхөөрөмж, модуль хэрэгсэл, хавсралт, программ, экспортын бүтээгдэхүүний зохион бүтээлт-туршилт-эрүүл ахуйн шинжилгээ судалгааны чиглэлээр салбар хоорондын хамтын ашиглалтын лабораториудтай, уялдаа холбоо бүхий ажлын байртай, сүлжээтэй болохыг, шинжлэх ухаан, ухаалаг технологи, инженерчлэлээс ихийг хүсэн хүлээж байна.

Ашигласан ном, эх үүсвэр:
[1]. Монгол улсын гаалийн ерөнхий газрын "Гадаад худалдааны нийт бараа эргэлт, экспорт, импортын барааны гүйцэтгэл. http://www.customs.gov.mn, Динамик статистик 1924-2019 он. Гадаад худалдааны гаалийн статистикийн мэдээ 2020 оны эхний 2 сар.
[2]. http://1212.mn. Статистикийн мэдээллийн нэгдсэн сан. Монгол Улсын нийгэм эдийн засгийн байдал. Статистикийн бюллетень 2019 он 12., 2020 он 02. Үндэсний статистикийн хороо.
[3]. https://trademap.org, 2020.03.05.
[4]. Дорж Т., 2018 Менежмент. Сурах бичиг. МУИС пресс хэвлэлийн газар.
[5]. Жасрай П., 1967 Статистикийн аргын товч үндэс. Улсын Хэвлэлийн Хэрэг эрхлэх Хороо. Сүхбаатарын нэрэмжит Хэвлэлийн комбинат. Улаанбаатар, Сүхбаатарын талбай 2.
[6]. Гүржав Л., Дорж Т., 1977 Эдийн засаг-математикийн арга загвар. Онол практикийн асуудлууд. ШУА-йн хэвлэх.
[7]. Дэнзэн С., Лощенко А.В., Раднаа Ч., Цэдэндамба Д. Дээд математикийн бодлого бодох гарын авлага. УБ:1987.
[8]. https://www.mongolbank.mn/news.aspx?tid=1&id=2467.
[9]. https://quotes.ino.com/charting/?s=FOREX_XAUUSDO
[10]. General Administration of Customs of the People’s Republic of China. (January 14, 2020), “Review of China’s Foreign Trade in 2019”.
[11]. http://chuluunbatalimaa.blogspot.com/p/blog-page_84.html

No comments: