Monday, November 7, 2011

Хүний хөгжил сангийн хишиг, ...үр нөлөөний үнэлэмж” судалгаанаас

 Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвсэл (Mongolian Nature Protection Civil Movement Coalition)-ээс э-мэйлээр ирүүлсэн мэдээг товчлон энэхүү блогоороо дамжуулан түгээж байгааг хүлээн авна уу. 
         
“Хөвсгөл далайн эзэд” хөдөлгөөн Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр “Хүний хөгжил сан (ХХС)-гийн хишиг, хувийн хэлбэр, тайлагнал, үйлчилгээ, үр нөлөөний үнэлэмж” судалгааг 2011 оны 6-9 дүгээр сар хүртэл 3 сарын хугацаанд хийсэн ажээ. Дорнод, Хөвсгөл, Өмнөговь, Баянхонгор аймаг, Хан-Уул дүүргийн 1041 иргэнээс Иргэдийн тайлангийн карт /ИТК/-ын аргачлалаар явуулж, үр дүнг танилцуулжээ.
Судалгааны зорилго нь Хүний хөгжил сан (ХХС)-гийн хишиг, хувь хүртээж буй үйл
ажиллагааны талаарх иргэдийн санаа бодол, сэтгэл ханамжийг судалсны үндсэн дээр уул уурхай, ашигт малтмалын орлогыг иргэдэд өгөөжтэй болгох бодлогын зөвлөмж боловсруулж, төр, засгийн бодлогыг зүгшрүүлэхэд нөлөөлөх явдал ажээ.  
Судалгааг ХХС-гийн хишиг, хувь хүртээх хэлбэрийн сонголт, тайлагнал, хишиг, хувь хүртээх үйлчилгээний талаарх иргэдийн сэтгэл ханамж, хишиг, хувь хүртээлтийн үр нөлөө, байгалийн баялгийн орлогын менежментийн бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл явц дахь иргэдийн оролцоо зэрэг 5 шалгуур үзүүлэлт бүхий 22 асуултаар сурвалжлагын аргаар явуулжээ.
Судалгаанд хамрагдсан 1041 хүний 57% нь эмэгтэй, 43% нь эрэгтэй, 16,7% нь 18-25, 22,9% нь 26-35, 23.7% нь 36-45 нас, 18.9% нь 46-55 нас, 17,9% нь 56-аас дээш настай, 4,2% нь бага, 16.0% нь бүрэн бус дунд, 34,8% нь бүрэн дунд, 14.7% нь тусгай дунд, 30,3% нь дээд боловсролтой, 7,8% нь төрийн байгууллагад, 17,0% нь төсвийн байгууллагад, 3,8% нь нам, олон нийтийн байгууллагад, 32.3% нь хувийн хэвшилд, 7,3% нь оюутнууд, 16.0% нь тэтгэвэрийнхэн, 15,9% нь ажилгүй, 27,0% нь 140 мян хүртэлх, 33% нь 140-300 мян, 21% нь 300-450 мян, 11% нь 450-600 мян, 5% нь 600-750 мян, 3% нь 750 мянгаас дээш өрхийн сарын орлоготой байв.        
1.    ХХС-гийн хишиг, хувь хүртээх хэлбэрийн сонголт. Судалгаанд хамрагдсан нийт иргэдийн 91% нь хишиг хувиа авснаас 94% нь бэлэн мөнгөний хэлбэрээр хүртсэн бөгөөд цаашид 80,6%  нь бэлэн мөнгийг бөөнөөр авах, 47,9% нь банкны зээлээ төлөх, 37.5 %  нь орон сууц худалдаж авсны төлбөр төлөх хэлбэрээр хишиг, хувиа хүртэхийг хүсч байна.
2.    ХХС-гийн тайлагнал. ХХС-гийн талаарх мэдээллийг иргэд байнга ойр дотны хүмүүс/ 38.6%/-ээс авдаг бөгөөд ХХС-гийн тайланг УИХ-д танилцуулдаг талаар огт мэдэхгүй /72.0%/ байгаа нь ХХС-гийн тухай хуулийн сурталчилгаа тааруу, ХХС-гийн үйлчилгээ үзүүлж буй төрийн байгууллагууд иргэдийг мэдээллээр хангах үүргээ хангалтгүй биелүүлж байгааг харуулж байна. ХХС-гийн тайланг олон нийтэд мэдээлэхийг судалгаанд оролцогчдын 94.0%  нь дэмжиж, 28,9% нь жилд 1удаа,  25.6% нь жилд 2 удаа, 24,4% нь улирал бүр тайланг ХМХ-ээр олон нийтэд танилцуулж байх нь зүйтэй гэжээ.   
3.    ХХГ-ийн хишиг, хувь хүртээх үйлчилгээний талаарх иргэдийн сэтгэл ханамж. Судалгаанд оролцогчдын 41.8% нь үйлчилгээний шуурхай байдалд дунд зэргийн үнэлгээ өгсөн бөгөөд 25.4% нь тийм ч шуурхай биш гэж хариулжээ. Үйлчилгээ шуурхай биш байгаагийн шалтгааныг зөвхөн 3 банкаар мөнгийг олгодог тул дараалал үүсдэг/58.5%/, иргэдэд үйлчилгээ үзүүлдэг хүн хүчний нөөц дутмаг, хүрэлцээ муу /38.7%/, тухайн сарын мөнгийг сар бүрийн 15-наас хойш олгодог тул банкуудын ачаалал ихэсдэг /35.1%/-тэй холбон тайлбарласан байна. Хишиг, хувь хүртээх үйлчилгээ үзүүлж буй байгууллагуудын үйл ажиллагаанд иргэд “дунд”дүн тавьж, арилжааны бүх банкуудаар мөнгийг олгох /68.1%/, хишиг, хувийг бөөнөөр олгох /61.6%/, ХХС-гийн хууль тогтомжийг иргэдэд сайн сурталчлах/52.7/ арга замаар үйлчилгээг сайжруулж болно гэж үзжээ. 
4.    ХХС-гийн хишиг, хувь хүртээлтийн үр нөлөө. ХХС-гаас сар бүр 21000 төгрөгийг бэлнээр тарааж байгааг судалгаанд оролцогчдын 73% нь дэмжсэн боловч  энэ нь ойр зуурын хэрэглээнд зарцуулаад дуусдаг /84.1%/ гэжээ. “21000” эмзэг бүлгийн орлогын гол эх үүсвэр /57.6%/ болж байгаа хэдий ч иргэдийг бэлэнчлэх сэтгэлгээнд сургаж /55,9/, өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнийг өсгөж/69.1%/ байна гэж иргэд шүүмжлэлтэй ханджээ. Ийм учраас байгалийн баялгийн орлогоос бүрдэж буй ХХС-гийн хөрөнгийг цаашид ажлын байр шинээр бий болгох /81.8%/, үйлдвэр барих /58.0/, орон сууц барих /43.7 / зэрэгт зориулах нь зүйтэй гэж дүгнэжээ.
5.    ХХС-гийн бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл явц дахь иргэдийн оролцоо. Иргэд байгалийн баялгийн орлогыг хэрхэн зарцуулах талаар үзэл бодлоо илэрхийлэх, төр, засагтай зөвлөлдөх /28.7%/, энэ талаар шийдвэр гаргахад оролцох /25.5%/-ыг маш их хүсч байна. Мөн байгалийн баялгийн орлогыг ил тод, хариуцлагатай болгохын тулд энэ талаар мэдээлэл авах /29.4/, хэлэлцүүлэг, нээлттэй сонсгол хийх /27.8/, баялгийн орлогын менежментийн бодлого, шийдвэрийн төсөлд саналаа өгөх /21.1%/-ийг судалгаанд оролцогчид “маш их хүсч байна” гэжээ. Дараах графикийг үзнэ үү. Дэлгэрэнгүй мэдээлэл, бусад графикийг Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвсэлээс авна уу. http://www.blogger-index.com/feed168047.html

Эх сурвалж: “Хөвсгөл далайн эзэд” хөдөлгөөн, Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвсэл 2011.11.02

No comments: