Monday, August 20, 2012

Монголын чулуун нүүрсний экспортын эцсийн гүйцэтгэлийн мэдээнээс


Монголын чулуун (битумжсан) нүүрсний (Хүрэн нүүрсийг оруулаагүй) экспортын
2012 оны эхний долоон сарын гүйцэтгэл (1) нь:
-Нийт 11,052.7 мянган тонн буюу 1,158,038.5 мянган америк долларт хүрч, нийт экспортын 45.63 хувийг эзлэв.   
-Өмнөх оны мөн үетэй харьцуулахад үнийн дүнгээр 28.94% буюу 259.9 сая америк доллараар нэмэгдсэн бөгөөд энэ эерэг өөрчлөлт(259.9)-ийн хэмжээнд 37.8% нь үнийн, 62.2% нь биет хэмжээний өсөлтийн хүчин зүйлс тус тус нөлөөлжээ
-оОо-
2012 оны эхний зургаан сарын байдлаар, чулуун нүүрсний экспортын хэмжээ 10150.6 мянган тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 31.48%-иар өсчээ.  Манай улсаас БНХАУ руу 2012 оны 1-6 дугаар саруудад 1,070,890.3 мянган америк долларын чулуун нүүрс экспортолжээ. Эх сурвалж: Статистикийн Бюллетень 2012 оны 7 ба 6 сар, ҮСХ.
-оОо-
Гадаад худалдааны барааны статистик мэдээлэл, 2011 оны эцсийн гүйцэтгэлийн ном (2)-ыг 2012.03.21-ний өдөр авч, 2012.02.16-нд бэлтгэсэн Зураг:1, урьдчилсан гүйцэтгэлийн мэдээнд эцсийн гүйцэтгэлийн дагуу дараах тоон өөрчлөлтийг орууллаа. Үүнд:
·          2011 оны эцсийн гүйцэтгэл (2):  
Манай чулуун нүүрсний экспортын хэмжээ 2011 онд 21,144.0 мянган тонн буюу 2,262,084.6 мянган америк долларт хүрчээ. Өмнөх оныхоос 1,383.13=(2,262.085-878.952) сая америк доллараар нэмэгджээ. Энэ өөрчлөлт (1,383.1)-ийг 100% гэвэл,  үнийн өсөлтийн хүчин зүйлсийн нөлөөлөл нь 82.85% буюу 1,145.9 сая америк доллар болжээ. Үлдэх 17.15% нь биет хэмжээнийх аж. Хүрэн нүүрсний экспортын хэмжээг дээрх тооцоонд оруулаагүй.
·         2007-2011 онуудын чиг хандлага (1),(2):
Монголын чулуун нүүрсний 2007-2011 онуудын экспортын биет хэмжээ (Yt) ба үнийн дүн (Xt)-г харуулсан графикийг үзнэ үү. Шулуун шугаман тэгшитгэл нь Yt=4249.0+8.265Xt болно (Зураг-1).  2008-2011 оны хооронд манай чулуун нүүрсний экспортын биет хэмжээ дунджаар 1.78 дахин буюу 78.25%-иар жил бүр нэмэгдсээр иржээ. Үүний дотор 2009-2010 онд 2.35 дахин эрс хурдтай өсч, харин 2010-2011 онд 1.27 дахин нэмэгдэж байв.
·         Эзлэх хувь хэмжээ (1), (2), (3):
-Манай нийт экспортод чулуун нүүрсний экспортын  эзлэх хэмжээ 2008 онд 7.2%, 2009 онд 16.2%, 2010 онд  30.2% байсан бол, 2011 онд 46.96%-д хүрч эрс нэмэгдэв.
-Үнийн дүнгээр, 2008-2010 онд Монголын нүүрсний экспорт нь битумжсан нүүрсний дэлхийн экспортын 0.29%-1.14%-ийг эзэлжээ (3).
-БНХАУ-ын битумжсан нүүрсний импортын үнийн дүнд Монголоос хүлээн авсан нүүрсний эзлэх хэмжээ нь 2010 онд 8.64 хувь байсан бол 2011 онд 12.2 (оргил үе 9-р сард 15.2%) хувьд хүрэв (3).
Зарим санал бодлоос:
Цаашид БТКУС-ийн кодын дагуу коксжих нүүрсний экспортын хэмжээг бүртгэж, статистикийн мэдээндээ тусгах болов уу. Битумжсан ба коксжих нүүрсний экспортын гаалийн татварыг бий болгож, татвар ноогдуулах хэмжээг зохистой тогтоох асуудлыг судлан шийдвэрлэх болтугай.

Эх үүсвэр:
(1).Статистикийн бюллетень 2011 оны 12 сар, 2012 оны 2 сар.
(2).Гадаад худалдааны барааны статистик мэдээлэл 2009-2011 оны эцэс .
(3).ДХБ/Олон улсын худалдааны төвийн э-мэдээг 2012.3.25-нд татан авлаа.

-оОо-
 2012.04.18. Эх сурвалж: http://www.shuud.mn/%D0%B3-%D0%B7%D0%B0%D0%BD%D0%B4%D0%B0%D0%BD%D1%88%D0%B0%D1%82%D0%B0%D1%80-%D1%81%D0%B0%D1%83%D1%81%D0%B3%D0%BE%D0%B1%D0%B8-%D1%81%D1%8D%D0%BD%D0%B4%D1%81-%D1%87%D0%B0/
Гадаад харилцааны сайд Г.Занданшатараас цаг үеийн зарим зүйлийг тодруулжээ.
-Уржигдар Гадаад харилцааны яаман дээр нүүрс олборлогчдыг дуудан, экспортын татвар тавих асуудлыг хөндсөн гэсэн. Манайх хэчнээн хувийн татвар тавих гэж байгаа юм бэ?
-Монгол Улс өнгөрсөн онд 21.1 сая тонн нүүрс экспортолсон. Энэ утгаараа нүүрс манай экспортын гол нэрийн бүтээгдэхүүн болоод байна. Үнийн дүнгээр тооцвол энэ нь 1.5 тэрбум орчим ам.доллар гэсэн үг. Эндээс Монгол Улсад 400 гаруй мянган ам.долларын татвар ногдуулсан. Энэ жил 41 сая тонн орчим нүүрс экспортлоно гэж тооцоолж байна. Эндээс 958 тэрбум төгрөгнийн орлого олохоор тооцоолж байна. Манай экспортолж байгаа нүүрсний үнэ дэлхийн зах зээлийн ханшнаас бага байна гэдгийг бид нүүрс экспортлогчдод танилцуулсан. Хятадын боомт дээр байгаа нүүрсний үнээс Америк, Австралийнхаас 50-90 хувь хямд байна. Үүний учир шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. Үнээ дэлхийн зах зээлийн хэмжээнд хүргэх нь Монгол Улсын экспортын бодлогын гол зорилго байх ёстой. Тиймээс бид татварын асуудлаа танилцуулсан. Бизнес эрхлэгчидтэй санал солилцсон.
-oOo-
Олон улсын худалдааны төв (ОУХТ)-ийн мэдээнээс:

2006-2010 оны хооронд битумжсан (чулуун) нүүрсний дэлхийн экспортын жилийн дундаж өсөлт биет хэмжээгээр 4%, үнийн дүнгээр 21%-тай байна. Тухайн нүүрсний дэлхийн экспортын 42.8 хувийг Австрали, 13.3%-ийг Индонез, 9.2%-ийг ОХУ-ын нүүрсний экспорт тус тус  эзэлж байна.

Битумжсан нүүрсний дэлхийн импортын хэмжээ 2010 онд 672,974,222.0 тонн буюу 83,004,123.0 мянган америк доллар болж, 2006-2010 оны хооронд жилд дунджаар  биет хэмжээ нь 3%-иар, үнийн дүн нь 17%-иар тус тус өсчээ. Импортынх нь 26.1 хувь Японд, 14.1 хувь БНХАУ-д, 13.8 хувь БНСУ-д тус тус ноогдож байна.

2010 оны байдлаар БНХАУ-ын битумжсан /чулуун/ нүүрсний импорт биет хэмжээ(Зураг:2)-гээр 98388.0 мянган тонн, үнийн дүнгээрээ 11,710,505.0 мянган америк доллар болжээ. 2010 онд нэг тоннынх нь импортын дундаж үнэ 119, харин Монголоос хүлээн авсан чулуун нүүрсний хятадын импортын дундаж үнэ 61 америк доллар байв.

2011 оны 6-аас 10 дугаар сарын байдлаар нэг тонн чулуун /битумжсан/ нүүрсний БНХАУ-ын импортын сарын дундаж үнийн мэдээг экспортлогч зарим улс орноор гаргаж сонирхуулъя  (Зураг-3).
ОУХТ-ийн мэдээнээс үзвэл, 2011 оны 3 дугаар улирлын байдлаар БНХАУ-ын нүүрсний импортын хэрэгцээний 34.9%-ийг Австрали, 19.7%-ийг Индонез хангаж байна.
-оОо-

No comments: